ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УРСГАЛЫГ УДИРДАХ ТУХАЙ

Үндэстний хөрөнгө оруулалтын сан нь төрийн оролцоотой байдаг ба санхүүгийн актив, үнэт цаас, бонд, өмч, үнэт метал, бусад санхүүгийн хэрэгслүүдийг багтаадаг. Мөн тухайн үндэстний мөнгө санхүүг тогтоон барьж, санхүүгийн бусад эх үүсвэрүүд рүү хуваарилалт хийх институт болж өгдөг. Ерөнхийдөө төсвийн давсан орлогыг төвлөрүүлэн хий дэмий хадгалаад байх биш тодорхой хувийг нь одоо болон ирээдүйд үр ашгаа өгөх эх үүсвэрүүд рүү оруулж өгдөг гэсэн үг.

Үндэстний хөрөнгө оруулалтын сангууд нь зөвхөн нэг улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаггүй олон улсыг хамарсан санхүү, эдийн засгийн тогтолцоог үүсгэдэгээрээ онцлог ба байгалийн нөөц, гадаад валютын нөөц, тэтгэмжийн нөөц гэсэн эдгээр 3 төрөл дээр тулгуурладаг. Сангийн орлогын эх сурвалж нь  ашигт малтмал байгалын баялгийн нөөц,  гадаад валютын нөөц,  тэтгэвэрийн сан, даатгалын сан, үндэстний төрийн өмчит корпорациудын орлого зэргээс бүрдэнэ.

Норвеги, Япон зэрэг орнууд өнөөдрийн хөгжилд хүрэхдээ тэтгэвэр, тэтгэмжийн сангийн тодорхой хувиараа үндэстний хөрөнгө оруулалтын сан байгуулж түүгээрээ бусад эх үүсвэрүүддээ хөрөнгө оруулалт хийсэн, мөн  газрын тосноос олсон ашгаараа  Санг байгуулан хөгжилд хүрсэн олон орон ч байдаг.

Монгол улс гадны банкинд валютын нөөцөө бага хүүтэй хадгалуулж  байхын оронд хөрөнгө оруулалтын сан байгуулж үйлдвэрлэлийг дэмжиж, технологоо шинэчилж, ажлын байрыг өсгөх, уул уурхайгаас олсон орлогоо мэдлэг боловсрол, үйлдвэрлэлжүүлэлтэд  зарцуулж хөгжих хэрэгтэй.

Улмаар үндэстний хэмжээний томоохон корпорацуудыг байгуулан дэлхийн зах зээл дээр үндэстний корпорацуудын эзлэх хувийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын сан байгуулан үйл ажиллагааг дэмжих, тэтгэвэр, тэтгэмжийн сан, гадаад валютын нөөц, байгалын баялагийн ашиглалтын зөв бодлогыг тодорхойлох ёстой.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын дагуу Эрдэс баялгийн  биржийг байгуулахад Торонтогийн хөрөнгийн бирж, Монголын Уул уурхайн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцжээ. Өнөөдрийн байдлаар тус биржид бүртгэлтэй 15 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нь хөрөнгө оруулалтын урсгалыг Монголоор дамжуулж буйн илрэл юм.

Хөрөнгө оруулалтын сангийн мөнгийг хөрөнгийн зах зээлд эргэлтэнд оруулсанаар  үл хөдлөх хөрөнгө, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, гадаад зах зээл гэх мэт олон салбарт хөрөнгө оруулалт хийх боломж нээгддэг.

Хөрөнгө оруулалтын сангийн эдийн засагт үзүүлэх нөлөө, хөрөнгийн зах зээлийн хөгжилд Сангийн гүйцэтгэх үүрэг нь дотоодын хөрөнгө оруулагч нарыг хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахыг уриалах, дэмжих, МУ‐д үнэт цаас гаргах, бүртгүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас эдийн засагт орж ирэх хөрөнгийн урсгал бий болох, хөрөнгийн зах зээлийн хэмжээ нэмэгдэх, банк, санхүүгийн салбар хөгжих, ялангуяа түүний дэд бүтэц болох кастидионы үйлчилгээ сонгодог утгаар явагдах, тэтгэвэр, нийгмийн даатгалын сан хөгжих, хөрөнгө оруулагчдын санхүүгийн боловсрол дээшлэх, компанийн засаглал сайжрах зэрэг болно.

Эрх зүйн орчны хүрээнд  Санхүүгийн шинэ бүтээгдэхүүн (хадгаламжийн бичиг, ХОС, дериватив ) гаргаснаар зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах,  хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагаа, удирдлага, хяналт, татан буугдах, татвартай холбоотой асуудлууд зохицуулагдана.

ХОС-ийн тухай хуулиар Сангийн хөрөнгө нь зөвхөн кастодианд хадгалагдах, кастидион нь үйл ажиллагаанд  хяналт тавьж байхаар зохицуулагдсан нь хөрөнгийн зах зээлийн эдийн засаг хөрөнгө оруулалтын урсгалын удирдлага хөгжих, эдийн засгийн уялдааг бэхжүүлэх  сайн талтай юм.

ХЗШУ-ны Магистер  А. Хишигдолгор